Саннилайф ХХК-ийн захирал Н.Баттулга - Автомашины хар хайрцагны талаар ярилцав

Саннилайф ХХК-ийн захирал Н.Баттулгатай хийсэн ярилцлага.

Сайн байна уу, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд нийт уншигчидынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Баярлалаа. Танай сэтгүүлийн уншигчидын энэ өдрийн амгаланг эрэн мэндчилж байна.

За тэгэхээр хоёулаа автомашины хар хайрцаг гэж чухам юу юм бэ гэсэн асуултаар эхлэе?

Тиймээ, энэ төрлийн бүтээгдэхүүн нь манай жолооч нарын хэрэглээнд нэвтрээд тун удаагүй байгаа болохоор дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй байх. Энгийнээр тайлбарлахад энэ бол таныг замын хөдөлгөөнд оролцоод явж байх үед болон цаашлаад автомашинаа эзгүй орхисон үед ч байнгын HD видео бичлэг хийж, баримтжуулж байдаг төхөөрөмж юм. Харин энэ төхөөрөмж нь дэлхий нийтэд black box, DVR (Digital Video Recorder) гэсэн нэршилээр танил болж, хэрэглээнд нэвтэрсэн учраас бид хар хайрцаг гэж нэрлээд байгаа юм.

HD видео бичлэг гэдгийг жаахан тодруулаач?

Энэ нь 4 хүртэлх тооны камераар таны машины эргэн тойронд болж байгаа болон замын хөдөлгөөнд оролцож байх үед тохиолдож болох аливаа үйл явдлыг HD (High definition) буюу өндөр нягтралт видео бичлэгээр баримтжуулан хадгалнаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл та зам дээр үүсч болох аливаа асуудлын үед өөрийнхөө буруугүйг нотлох, мөн автомашинаа зогсоолд орхисон байх үед мөргөсөн, шүргэсэн, эд ангийг хулгайлсан гээд аливаа эрсдлийн үед ч хангалттай нотлох баримттай болно гэсэн үг л дээ.

Интернэт хуудсуудад эдгээр бичлэгүүдээс тавигддаг гэсэн үг байх нь ээ дээ, тийм үү?

Тэгэлгүй яахав. Ер нь хар хайрцаг маань дэлхий нийтийн хэрэглээнд үндсэндээ 2004 оноос нэвтэрч эхэлсэн юм. Европ, Ази, Америкийн зах зээлд маш эрэлттэй бүтээгдэхүүн бөгөөд манай урд, хойд 2 хөршид ч хар хайрцагийг маш өргөнөөр хэрэглэж, автомашинд зайлшгүй байх шаардлагатай бүтээгдэхүүн гэж хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Тэр ч утгаараа дэлхийн өнцөг булан бүрээс өдөрт хэдэн мянган сонирхолтой бичлэгүүд интернэт хуудсуудад тавигдсаар байгаа юм. Зөвхөн аваар осол ч биш, зам дээр тохиолдсон сонин содон, гайхамшигт агшнууд, сэтгэл хөдөлгөж уярмаар, ухаарал авч суралцмаар олон сайхан бичлэгүүд хийгдсэн байдаг.

Тэгэхээр камерынхаа бичлэгийн тусламжтайгаар жолооч нар маань замын хөдөлгөөнд оролцож байх үед үүсэж болох бүх л эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна гэсэн үг үү?

Яг үнэн. Манай улсын автомашины тоо жилээс жилд өсч замын нягтрал, ачаалал эрс нэмэгдсэний улмаас ялангуяа Улаанбаатар хотод автомашин жолоодоно гэдэг бол маш эрсдэлтэй, хүнд ажлуудын нэг болоод байна шүү дээ. Манай улс зам тээврийн ослын тоог хүн амтай харьцуулсан үзүүлэлтээр дэлхийд эхний 5-д орж байна. Тэгэхээр энэ эрсдлүүд жолооч бидний эргэн тойронд алхмын зайтай л байгаад байна гэсэн үг. Тийм учраас л манай жолооч нарт хар хайрцаг гэдэг үнэнч туслагч зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Түүнээс гадна давхар хулгай болон зогсоол дээр мөргүүлэх, шүргүүлэх зэрэг аюулаас хамгаалах гээд олон давуу талтай л даа.

 

Хар хайрцаг маань хэдэн өдрийн бичлэг хийх боломжтой байдаг вэ?

Энэ нь таны ашиглаж байгаа SD картны хэмжээнээс хамаарна л даа. Дунджаар нэг камерын нэг цагийн бичлэг нь 2-4GB орчим болдог юм. Тэгэхээр таны ашиглаж байгаа SD картны хэмжээнээс хамаарч камерт сүүлийн 2-10 цагийн бичлэг үндсэндээ хадгалагдаж байнаа гэсэн үг. Мөн та бичлэгийн чанараа VGA-HD-Full HD хүртэлхи сонголтоос сонгож бичих боломжтой. Тийм учраас хадгалагдах бичлэгийн урт нь бичлэгийн форматаас бас хамаарч байдаг юм. Гэхдээ ерөнхийдөө хар хайрцагны хэрэглээ нь бол ямар нэгэн онцгой шаардлага гарсан үед хийгдсэн бичлэгийг тэр дор нь үзэхэд л зориулагдсан учраас олон өдрийн бичлэг хадгалаад байх шаардлага бол гардаггүй юм.

Бичлэг дүүрсэн үед жолооч бичлэгээ хэрхэн устгах вэ? Мөн бичлэгүүдээ яаж үздэг юм бол?

Хар хайрцаг маань SD карт дүүрсэн үед өөрөө хамгийн хуучин бичлэгээс эхлээд устгаад явах горимтой. Тэгэхээр жолооч бичлэгээ устгаж арилгах, SD картыг цэвэрлэх ямар ч шаардлагагүй. Харин онцгой тохиолдлууд буюу машинд доргилт, цохилт мэдрэгдсэн үеүдийн бичлэгийг хар хайрцаг маань тусд нь LOCK хавтсандаа хадгалдаг. Тэрхүү LOCK хавтсанд хадгалагдсан бичлэгүүдийг төхөөрөмж өөрөө устгадаггүй бөгөөд гагцхүү жолооч та л устгах эрхтэй байдаг юм. Харин бичлэгийн тухайд инэнхи загварууд нь өөр дээрээ дэлгэцтэй байдаг учраас та аливаа осол, аваарийн тохиолдолд шууд газар дээр нь эсрэг жолоочдоо болон замын цагдаа, даатгалын ажилтанд бичлэгээ үзүүлэх боломжтой. Мөн зарим загварууд нь өөр дээрээ WiFi цацагчтай байдаг тул та өөрийн Smart phone, I-pad, Notebook гээд дурын Wifi хүлээн авагчтай төхөөрөмж дээр бичлэгээ үзэж, хуулж авч болно. Тэгээд мэдээж та SD картаа компьютерт холбосноор бүх бичлэгүүдээ үзэх, хуулж авах, арилгах боломжтой байдаг.

Та түрүүн хэлсэн 4 хүртэл камер тавьж болно гэж. Тэгэхээр жолооч нар маань өөрсдөө хэдэн камер тавиулахаа шийднэ гэсэн үг үү?

Яг ч тийм биш л дээ. Юу гэхээр хар хайрцаг маань маш олон загвартай байдаг. Тэр дотор энгийн урд замаа бичдэг 1 камертай, урд тал ард талаа бичдэг 2 камертай, урд талаа салон дотортойгоо бичдэг 2 камертай эсвэл бүр 4 талаа бичдэг 4 камертай гээд өөр өөр загварууд байдаг юм. Тэгэхээр жолооч нар маань өөрийнхөө хэрэглээнд тохируулаад камерынхаа загварыг сонгоно гэсэн үг юм. Ерөнхийдөө анзаараад байхад манай жолооч нар урд тал ард талаа бичдэг 2 камертай загваруудыг, тэр дундаа ухрахын камертай загварыг түлхүү сонирхож тавиулдаг даа.

Хар хайрцагны нэмэлт функцүүдийн талаар тайлбарлаач. Жишээлбэл зарим хар хайрцагнууд маань GPS-тэй гэж байсан?

Тийм ээ. Гэхдээ та бүхэн мэдэх байх GPS маань дотроо Navigation, Tracker, Logger гэх мэт олон төрөлтэй байдаг. Манай жолооч нар GPS-тэй хар хайрцаг гэхээр шууд Navigation буюу замын чиглэл заагч гэж ойлгоод байдаг, энэ нь ташаа ойлголт юм. Хар хайрцаганд суурилсан GPS нь зөвхөн тухайн видео бичлэг хаана хийгдсэнийг л координатаар тодорхойлох үүрэгтэй байдаг. Ингэснээр таны хаагуур хаагуур явсан замын түүх болон бичлэг хийгдэх үеийн автомашины хурд, байршил зэргийг л тодорхойлох зориулалттай байдаг. Харин сүүлийн үед хар хайрцагнууд маань дээр дурдсан чиглэл заагч буюу Navigation-тай, гар утсаар ярих зориулалттай Handsfree Bluetooth-тэй, гэр оффис, хүүхдээ хянах боломжтой WiFi, LAN холболттой гээд олон шинэ загварууд гарч ирж байна даа.

Хар хайрцагны үнийн талаар сонирхмоор санагдлаа?

Ердөө 59,000-аар авч болж байна шүү дээ. Манайхан энэ төрлийн бүтээгдэхүүнийг өртөг өндөртэй байдаг, эсвэл зөвхөн үнэтэй машинтай хүн л авдаг гэсэн ташаа ойлголттой байдаг нь анзаарагдсан. Өнөөдөр манай жолооч нар ямар нэг асуудалд ороод машин тэргээ засуулах, будуулах болоход хамгийн багадаа л 200-300 мянган төгрөг төлдөг, зарим нь өөрөө буруугүй хэрнээ хэн нэгэн хүний буруу шийдвэрээр хүний машин ч янзлуулах шаардлага гардаг. Тэгвэл 50 мянган төгрөгөөр л өөрийгөө эрсдлээс хамгаалж чадна шүү дээ.

Эцэст нь та хар хайрцаг худалдан авахаар зэхэж буй жолооч нартаа хандаж зөвлөгөө өгөөч?

Юуны өмнө та худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг сайн судлах хэрэгтэй. Хар хайрцагны үндсэн үйлдвэрлэгч нар БНХАУ болон БНСУ-д байгаа. БНХАУ-ын гол хэдэн үйлдвэрээс Европ болон Азийн бусад орнууд руу экспорт хийгддэг. Тэгэхээр тэдгээр үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд чанартай, найдвартайгаас гадна үйлдвэрийн баталгаат хугацаатай байдаг. Мэдээж гаднаас нь харахад ялгагдахааргүй ижил загвартай, хуурамч бүтээгдэхүүн маш их байдаг. Иймд та аль аль талдаа буцах хаяг, буух эзэнтэй газраас сонголтоо хийх нь зүйтэй. Мөн та өөрийн хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлж, анхнаасаа зөв загвараа сонгох хэрэгтэй. Зарим хэрэглэгчид маань 1 камертай загвар авсан хойноо “Нэг нөхөр араас ирж мөргөчихөөд намайг ухраад мөргөчихлөө гэж дайраад хэн хэнийх нь буруу гэсэн шийдвэр гарчихлаа. Анхнаасаа 2 камертай загвар авдаг байж...” гэж ирж байсан удаатай. Жолооч бүр хар хайрцагтай болсон цагт та биднийг үргэлж бухимдуулж, цаг завыг минь сүйтгэж байдаг замын хөдөлгөөний соёл, жолооч нарын маань ухамсар бүрэн өөрчлөгдөж чадна гэж би итгэдэг.

Цаг зав гаргаж бидэнд хэрэгцээтэй мэдээлэл өгсөн танд нийт уншигчидынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Баярлалаа, танай сэтгүүлийн нийт уншигчидад мөн автомашин сонирхогч, эзэмшигч нийт жолооч нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний алтан шар зам өлзийтэй сайхан байх болтугай!